top of page

     Шунхлайнх энэ хөндийд зун намартаа тарвага, туулайхан, өвөл хавартаа зээр гөрөөсхөн шоглож амин зуулгадаа нэмэрлэнэ.  Түүний ан авын эрдэм ухаан гагцхүү ажиглалт,тэвчээр, зөн совин гурав дээр тогтоно. Энэ удаад ч гэсэн өвгөн анчин нэг л их аз хийморь дагуулах юм шиг зөн совиндоо хөтлөгдөн намрын дунд сарын хирд өвгөн анчин Хангай нуруугаар хэсүүчлэн явж байтал Шивээт, Гуа уулын хооронд хэдэн ямаан гөрөөс сэлгэн бэлчээрлэж байхыг ажиглажээ.

 

     Намрын сэрүүнд жихүүцэж хоносон өвгөн анчин наран ээвэр хадны нөмөрт мандах нартай золгох тэр мөчид, наран сөрөг Хужиртын голын зүүн хаяанд утаа май суунаглаж байна уу гэтэл уур цан савсаж байх шиг харагджээ. Нүдээ зээрэн дээлийнхээ хир даг болсон ханцуйгаар хэд шудравч уур цан, утаа май болохыг ялгаж эс чадан байтал нөгөө газраас ганц буга босч хэд шилгээж өвс хазалснаа өрөөсөн урд хөлөө өргөөд зүүн хойшоо явах нь яахын аргагүй доголон буга байв.

     Өвгөн анчин баярлаж доголон ч гэсэн намрын юм тарган байгаа даа угтаж очоод амархаан шоглочихдог хэрэг гэж бодоод босон харайх гэснээ эргэн суугаад: Хайрхаан нүгэлт хар гөрөөчин би чинь халуун намраар энэ сайхан амьтныг егүүтгэнэ гэсэн чинь юу гэсэн үг вэ? Үүрч ганзаглаад даах ч биш дээ, үмхэж идээд барах ч биш дээ. Энэ сайхан амьтан чоно нохойд хөөгдөж, хад асганд хөлөө хавчуулаад бэртэж гэмтсэнээс хаа зайлав гэж хөөрхий минь, болдогсон бол хугархай хөлд нь мод бариад боогоод өгчих юмсан, дорхноо л эдгэнэ дээ гэж бодон урт амьсгаа авав.

     Доголон буга өвс идсээр Хужиртын голын зүүн хаяанаас хугархай хөлийнхөө зөнгөөр гишгэж ядан уулын бэл өөд аажуухан сажилж байлаа. Доголон бугын явдлаас болоод өчигдөр өглөөгүүр Хужиртын голоос ус уугаад Шивээт уулын бэлчир өгссөн нөгөө хэдэн ямаан гөрөөсөө ч мартсан өвгөн анчин гэнэт сэхээрч, өмнө нь дүнхийх хайрхан тийш нүд бэлчээвээс нойтон сормуустай юм үл харагдана.

     

     Анчин өвгөний хэд хоног нүдээрээ хариулсан нөгөө хэдэн ямаан гөрөөс нь усандаа ирэх аястай Шивээт уулынхаа энгэр даган доошилж харагдана. Өвгөн энэ хэд... Гуа ууландаа ирэхгүй хаачих вэ гэсэн өглөөнийх нь таавар зөв байсанд сэтгэл баясаж, их л додигор сууна. Наашлаад Хужиртын голын ай саваар нүд бэлчээтэл нөгөө өглөөний ганц доголон буга буцаад хойд уулын бэл уруудан гол усанд ирж явах шиг.

 

     Сайн ажиглавал өглөөг бодвол доголох нь арай гайгүй ч болчихсон юм шиг. Тэр буга аажуу тайван өвс идэж явсаар өчигдрийнхөө хэвтэр буюу өнөө өглөө утаа май, уур цан босгоод байсан нөгөө хонхортоо очоод хэвтэх нь тэр ээ. Бас нөгөө хэдэн гөрөөс нь ч усанд ойртоод голынхоо хөвөөнд дөхөж яваа нь үдшийн бүрийд бүдэг бадаг харагдана.

     Өвгөн Шунхлай мориныхоо аргамжааг сэлгэж ирээд тулгын гурван чулуундаа гал өрдөж цай даргиулан, хээрийн хүнс болох тосонд нь чанаж болгосон тарваганы хаа, гуяаа зооглоод тохмоо дэвсэж, янгиа цагаан эмээлээ дэрлэн, зээрэн дээлээ өрөөлдөж нөмрөөд дуг нойрондоо дугжирчээ. Ингээд хээр хоносон өвгөн хүн жихүүн намрын шөнө яахын араггүй тайван нойрсож билээ дээ. Ар өврөөс нь сийгэж, дороос нь жиндэж, жихүүцэн сэртэл үүр манхайж дорноос бүдэг саарал, цагаан гэгээ тэнгэр өөд аажуухан огшиж байлаа. Даарч хоносноос болоод хуян шар усандаа баригдсан дөрвөн мөч нь шархирч байх гэж жигтэйхэн.

     Өчигдрийн хэвтэж хоносон нөгөө доголон буга босож хэд шилгээснээ яваад өгөх нь өчигдрийнхөөсөө бүр ч бага доголж байх шиг. Тэнд өглөө болгон уур савсаж байдаг, орой болгон доголон буга хэвтэж хоноод байгаа нь өвгөн анчны очиж үзэх юмсан гэсэн хорхойг улам ч гижигдэв ээ. Маргааш өглөө нь эртээ босоод хартал нөгөө бугын хэвтэш хонхроос бүр ч ихээр уур манан савсаж байсанд Шунхлай өвгөн түүнийг үзэхээр эрс шулуун цогиулах нь тэр ээ. Өвгөнийг ирэх гэсээр байтал уур манан ч арилж, морьтой хүнээс үргэсэн доголон буга нь ч доголон гэхээргүй уулын бэлээд харайгаад явж одов.

     Өвгөн жаахан мунгинаж яваад бугын хэвтрийг олтол усан шалбаагтай тас хар шавартай хонхорт мал амьтан байнга хэвтэж орогнодогийг түвэггүйхэн ажилглав. Жаахан цааш явтал ойр ойрхон хэд хэдэн газраас булаг зөөлөн зөөлөн оргилж намаг шалбааг ихтэй, тэр орчин цаанаа л нэг бүлээхэн дулаахан болохыг мэдрэв. Оргилж байгаа нэг булгаас гараа тосоод амсах гэтэл бүлээн, гайхан дараагийнхаас амсах гэтэл золтой л гараа түлчихсэнгүй. Өвгөн анчин бүр мэл гайхаж, цэл хөхрөн бүлаг болгонд гараа дүр үзэхэд бүгдээрээ халуун байлаа.

 

     Ан амьтан газар нутгийг шинжин ажиглахдаа гаргууд тэр өвгөн өглөө бүр эндээс уур манан яагаад савсдаг, доголон буга орой болгон яагаад энд ирж хоноглож хэвтдэг, хугархай хөл нь өдөр өдрөөр илааршин доголох нь багасаж байгаа зэргийг төвөггүйхэн ойлгож мэдэв. Урьд хожид дуулж сонсоогүй, үзэж хараагүй газраас ундардаг, гайхалтай энэ халуун усыг анчин өвгөн Шунхлай ихэд биширч, өвдөгнийх нь нүхээр хатгачхаараа хэсэг доголон явдаг хуучтайгаа санагалзан энэ голын хөвөөнд хэд хоног саатан, хуян шар усандаа идэгдсэн хөл гараа халуун усанд дүрж шавших, хар шаврыг нь түрхэх боох зэргээр өөрийгөө бөөцийлөн аргаджээ.

 

   Дөнгөс л гэвэл янгинан шархирч байдаг хөл гарынх нь хуян шар ус нь тарж, нугарч тэрнийх нь хүртэл сайжирч, арьс мах нь илт зөөлрөн илааршиж байлаа. Тэр цагаас хойш Хужиртын голын зүүн хөвөөний тус газраас ундрах, гайхалтай энэ халуун усны ид шидийн тухай өвгөн анчин Шунхлайн аман яриа Орхоны хөндийгөөр хуй салхи мэт тархжээ.

    Ийнхүү өвгөн анчны явсан тэр мөр жим болж, жим нь зөрөг болж, зөрөг нь харгуй болон тодорсоор, нөгөө халуун ус нь хүмүүний биеийг илааршуулдаг ид шидийн рашаан болох нь амьдралаар нотлогдож, өвгөн анчин Шунхлайн домог болон үлдэж, нөгөө Гуа уулынх нь баруун сэрвэн хадтай өндөрлөгийг Шунхлай хэмээн өргөмжилж, сүслэн залбирдаг болсон ажгуу.

bottom of page